Skip to main content

“Ухаалаг төсөв – 5Х” төсөл

Төслийн зорилго: Манай улсад төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх эрхзүйн боломж, зохицуулалт бүрдсэн хэдий ч төсвийн нээлттэй байдлын судалгаагаар Монгол Улс 2015 онд 100 онооноос 51 оноо, 2017 оны үзүүлэлтээр 100 оноо авахаас 46 оноо авч үзүүлэлт буурсан нь төсвийн нээлттэй, ил тод байдал муудаж байгаагийн илрэл юм. Түүнчлэн нийт хүн амын 63,77% нь 35 хүртэл насны залуучууд байгаа боловч орон нутгийн төсвийн үйл ажиллагаан дахь оролцоо нь хангалтгүй байгаа юм. Иймд 2019 оны авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах баг орон нутгийн төсөв дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлж, “Хүн төвтэй, Хүртээмжтэй, Хариуцлагатай, Хяналттай, Хамтын ажиллагаатай” болгох зорилгоор “Ухаалаг төсөв 5X” төслийг хэрэгжүүлсэн.

Хэрэгжүүлсэн ажлууд: Төслийн хүрээнд залуучууд Ховд аймгийн 2019 оны төсвийн нийт хөрөнгө оруулалт, түүний зарцуулалтад дүн шинжилгээ хийх зорилгоор хакатон уралдаан зохион байгуулсан. 2020 оны 3-р сард хакатонд оролцох багуудын сонгон шалгаруулалтыг Баруун бүсийн залуучуудын дунд зарлаж, нийт 35 багаас Ховд аймгийн 4 баг, Говь-Алтай аймгийн 3 баг, Увс аймгийн 2 баг, Баян-Өлгий аймгийн 1 багийг тус тус сонгон шалгаруулсан. Хакатонд оролцогч 10 багийн 30 залуусыг онлайнаар мэргэжлийн менторуудтай холбож орон нутгийн төсвийн ерөнхий мэдээлэл, нийгэм эдийн засгийн үзүүлэлт, орон нутгийн хөгжлийн сан, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг ба ил тод байдал, нээлттэй өгөгдлийн сан дээр ажиллах, дүн шинжилгээгээ илэрхийлэх гэсэн нийт 6 чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн.

Орон нутгийн төсвийн хакатоныг 2020 оны 5-р сарын 30-нд онлайн хэлбэрээр зохион байгуулж, хакатонд оролцсон нийт 10 багаас шилдэг 4 бүтээлийг шалгаруулсан. Багийн шийдлүүд:

Говь-Алтай аймгийн “Оролцъё -Өөрчилье” баг: “Орон нутгийн хөгжлийг дэмжигч” сайн дурын ажилтан бэлтгэх, “Энэ таны санал мөн үү?” сошиал хэлэлцүүлэг өрнүүлэх.

Ховд аймгийн “Шийдэл” баг: Нөлөөллийн аян өрнүүлж, “My Khovd” апликэйшн гаргах, цахим хуудас, утас ажиллуулах, саналын хуудсаар санал авах.

Увс аймгийн “+Хандлага” баг: Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Иргэдийн зөвлөл” байгуулах.

Говь-Алтай аймгийн “Influencer” баг: Инфографик, анимэйшн, мийм, фэйсбүүк лайваар дамжуулж залууст мэдээлэл хүргэх. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдэд мэдээлэл хүргэх, санал авах Чатбот хөгжүүлэх.

Эдгээр шийдлийг нэгтгэж хэвлэл мэдээллийн сувгаар олон нийтэд хүргэсэн бөгөөд үүнд үндэслэн орон нутгийн төсөвт залуучуудын оролцоог хангах зөвлөмж боловсруулан Баруун таван аймгийн орон нутгийн удирдлагад хүргүүлжээ.

Төслийн үр дүн: Хакатонд оролцсон 30 залуус мэргэжлийн менторуудаас мэдээлэл зөвлөгөө авахын сацуу өөрсдөө шийдэл боловсруулснаар орон нутгийн төсвийн төлөвлөлт, зарцуулалтад хэрхэн хяналт тавих, оролцох тухай мэдлэг, чадвараа тэлсэн. Түүнчлэн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт түүний зарцуулалтын талаар мэдээлэлтэй болсон залуучууд зохион байгуулалтад орж орон нутгийнхаа төсөв хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явцад оролцох, саналаа илэрхийлэх, хянах нөхцөл бий болсон.

Дэмжигч байгууллага: Авлигатай тэмцэх газар, “Бодлогод залуусын хяналт” ТББ

LEADA