Skip to main content

“Гэртээ гэрэл асаая” төсөл

Төслийн зорилго: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах төслийн баг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төслөө хэрэгжүүлсэн бөгөөд бусад аймаг, сум, хотод хэрэгжүүлж болохуйц хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн сайн туршлагыг бий болгохыг зорьсон. “Гэртээ гэрэл асаая” төсөлд 13–14 насны 22 хүүхэд хамрагдсан бөгөөд ур чадвараа хөгжүүлэхэд нь сэдэл өгөх, дэмжих, улмаар гэртээ ГЭРЭЛ асаагч болоход нь нөлөөлөхийг зорьсон.

Хэрэгжүүлсэн ажлууд: Төслийн нээлт дээр сэтгэл зүйч Г.Наранбаатар хүүхэд, эцэг эхчүүдэд зориулж уншсан лекцэд Баруун-Урт сумын нийт 1200 хүн хамрагдсан. “Гэртээ гэрэл асаая” хөтөлбөрт нийт 220 хүүхдийн эсээ ирснээс 22 хүүхдийг төслийн оролцогчоор сонгон шалгаруулсан. Төслийн баг хүүхдүүдийн нийгэм сэтгэл зүйн оношилгооны үр дүн болон хөгжлийн хэрэгцээнд үндэслэн “Өөрийн үнэлэмж”, “Багаар ажиллах, манлайллын чадварууд”, “Гэр бүлийн тухай ойлголт”, “Мэргэжил сонголт” гэсэн 4 сэдвийн хүрээнд 12 модуль хөгжлийн хөтөлбөр боловсруулж, хүүхдүүдэд оролцооны аргаар сургалт орсон. Түүнчлэн хүүхдүүдтэй цуг “Сүхбаатар Альянс Тех” сагсан бөмбөгийн багийн тамирчид бэлтгэл хийж, спортоор дамжуулан багаар ажиллахад суралцсан. Мөн LEAD 2020 хөтөлбөрийн оролцогчидтой хамтран “Урам зоригийн захиа” солилцож, “Тойрон бүжиг” хийж харилцааны ур чадвараа хөгжүүлсэн. Төслийн хугацаанд оролцогч хүүхдүүдийн эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах тухай сургалтыг мөн амжилттай зохион байгуулжээ.

Мөн төслийн оролцогч 22 хүүхэд 3 сар гаруй хугацаанд хамтарч ажиллах ментортой болж, УБ хотод болсон “Ментортой уулзах аялал”-ын үеэр тус тусын ментортой биечлэн уулзаж танилцсан. Энэ үеэр “Томүжин” Алтернатив сургуульд зочлон “Амьдрах ухаан” сургалтад, мөн Шангри-Ла оффистой танилцаж “Үе тэнгийнхний дээрэлхэлт”сэдэвт сургалтад тус тус хамрагдсан.

Төслийн баг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг Даргын Тамгын Газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт “Гэртээ гэрэл асаая” төслийг загвар болгон ахин хэрэгжүүлэх зөвлөмж болон хүүхэд хамгааллын бодлого боловсруулж хүргүүлжээ.

Төслийн үр дүн: Төслийн үр дүнд оролцогч хүүхдүүд ирээдүйдээ итгэлтэй, зорилготой, асуудлыг даван туулах чадвартай, амжилтын эерэг сэдэлтэй болсноор сурч боловсрохын төлөө хичээж, өөрийгөө хөгжүүлж, ирээдүйд ажилтай, орлоготой иргэд бий болох үндсийг тавьсан бөгөөд төслийн дараах нийгэм, сэтгэл зүйн оношилгооны үр дүн, оролцогч хүүхдүүдийн сэтгэгдэл, оролцогчдын ангийн багш болон эцэг, эх, асран хамгаалагчдаас ирсэн сэтгэгдлүүдэд үндэслэн төслийн баг ийнхүү дүгнэсэн юм. Төслийн хаалтын үеэр хийгдсэн ганцаарчилсан ярилцлагын үеэр төсөлд оролцсоноор эерэг хандлагатай болж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өөрийгөө илэрхийлэх болон харилцааны ур чадвар нэмэгдсэн гэж төсөлд оролцогч хүүхдийн 90.9% нь хариулжээ.Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээс хойш сурагчдад гарч буй эерэг өөрчлөлт, өөртөө итгэх итгэл, өсөлт дэвшилтийг мэдрэх нь анги удирдсан багшийн хувьд туйлын таатай байна.

Дэмжигч байгууллага: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, BBS TV, Сүхбаатар Альянс-Тех ХХК, Альянс-Тех сагсан бөмбөгийн баг, Монгол Өрх Сэтгэл зүйн хүрээлэн, INECS ХХК, Жаахан Шарга ХЖТеатр, Сэтгэл зүйч Г.Наранбаатар, Баруун-Урт Иргэдэд үйлчлэх төв, Биеийн тамир, спортын газар, “Томүжин” Алтернатив сургууль, Монголын хүүхдийн төлөө үндэсний төв ТББ, Премиум Групп ХХК, Кюбс ресторан, Мика зочид буудал, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, ЛИЙД Төгсөгчдийн холбоо, төслийн хүүхдүүдтэй ажилласан 22 ментор

Gerel