“Сайн сургууль” төсөл
Төслийн зорилго: LEAD Mongolia 2018 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн авлигатай тэмцэх багийнхны үзэж буйгаар сурагч, эцэг эхчүүд сургуулийн орчин дахь хээл хахуулийг энгийн үзэгдэл мэтээр хүлээн авч, үүний эсрэг юу хийхээ мэддэггүй. Азийн Сангийн судалгаагаар эцэг эхчүүдийн 40% нь хүүхдээ сайн сургуульд элсүүлэх, сайн дүн тавиулахын тулд жижиг хэмжээний авлига өгдөг боловч тэдний 91% нь ийнхүү хээл хахууль өгч, авахыг хүлцэж болохгүй гэжээ. Энэ жилийн авлигатай тэмцэх багийнхан энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэхээр зорин ажилласан юм.
Хэрэгжүүлсэн ажлууд: “Сайн сургууль” төслийн баг Авлигатай тэмцэх газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран уг төслийг хэрэгжүүлсэн билээ. Уг төслийн хүрээнд нийслэлийн 23-р сургууль, 84-р сургууль болон Дундговь аймгийн 1-р сургуулийг тус тус сонгон авч багш, сурагчдыг чадавхжуулан, өдөр тутам тохиолддог жижиг хэмжээний авлигатай тэмцэхэд сурагч, эцэг эх, сургуулийн багш, ажилчдыг татан оролцуулах ажил хийсэн юм. Үүнд: Хууль зүйн сэдэвт лекц хэлэлцүүлэг, олны танил уран бүтээлчийн амжилтын түүх сэдэвт лекц, сургуулийн ил тод байдлын тухай хэлэлцүүлэг болон эсээ бичгийн уралдаан зэрэг ажлуудыг зохион байгуулжээ. Дээрх ажлуудад нийт 450 гаруй сурагч болон 150 орчим багш хамрагдсан бөгөөд, сурагч хүүхдүүд сонирхолтой, бүтээлч үйл ажиллагаанд оролцонгоо сургуулийн орчин дахь авлигын талаар ойлголт авах боломжийг олгосон чухал ажлууд болсон юм. Түүнчлэн эсээ бичгийн уралдаанд нийт 187 сурагч идэвхтэй оролцсон бөгөөд тэргүүн байрт эзэлсэн сурагчийн эсээг “Гэрэг” сэтгүүлд нийтэлсэн юм. Төслийн үр дүн, мөн боловсролын салбар дахь асуудлыг хөндсөн нийтлэлүүдийг “Гэрэг” сэтгүүлд хэвлэн, сэтгүүлийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн төвийн дунд сургуулиудад түгээх ажлыг “Монгол шуудан” ХК дэмжиж гүйцэтгэсэн юм.
Төслийн үр дүн: Төслийн хүрээнд гарсан хамгийн том үр дүн нь сурагч болон багш нарын авлигын талаарх мэдлэг сайжирсан явдал юм.
Багш нарт гарсан өөрчлөлтийг доорх үзүүлэлтүүдээс харна уу.
Түүнчлэн төслийн үр дүнд сургуульд авлига үүсгээд буй тодорхой шалтгааныг тодорхойлж, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого журам, тухайлбал “Ерөнхий боловсролын сургуульд сурагч элсүүлэх журам”-ыг боловсруулан, сургуулиуд болон шийдвэр гаргагч байгууллагад танилцуулсан юм.
Дэмжигч байгууллага: Авлигатай тэмцэх газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон салбарын мэргэжилтнүүд, Монгол шуудан ХК.