Skip to main content
Сонгуулийн дата хакатон

Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийг 12 насны ангилал, газарзүйн байршлаар нарийвчилж харуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой, ил тод мэдээлэхээр Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ирцийн мэдээг анх удаа технологийн тусламжтайгаар бүрдүүлж, мэдээлэх тус ажилд ЛИЙД төгсөгчдийн холбоо ТББ хамтран ажиллаж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд дараах шийдлүүд хийгдэх юм байна.

1. Сонгогчдын ирцийг хүйс болон нийт 12 насны бүлгээр ангилж харуулна

Сонгогчдыг 12 насны бүлэг, хүйсээр хуваан тус бүрд санал өгөх ёстой нийт сонгогчдоос хэдэн хувь нь саналаа өгсөн байгааг харуулахаар болжээ. Ингэснээр сонгогчийн сонгуулийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, оролцоог сайжруулах оновчтой төлөвлөлт, шийдэл гаргах, Үндэсний статистикийн хорооны бусад үзүүлэлтүүдтэй харьцуулах боломжтой юм байна.

2.Сонгогчдын ирцийг дүүрэг, аймаг, сум, гадаад улс орон гэсэн газарзүйн байршлаар дэлгэрүүлж харах боломжтой.

election-turnout

 

3.Ирцийн мэдээг өдөрт гурван удаа мэдээлдэг байсныг цаг тутам болгож нэмэгдүүлсэн. 

Өмнө нь санал хураалтын өдөр хэсгийн хороодоос ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагуудад нэгтгэн авч аймаг, дүүрэг (тойрог) тус бүрийн ирцийн хувийг уншиж зарладаг байсан. Тэгвэл энэ жилээс дэд бүтэц сайн хөгжсөн газруудын ирцийн мэдээг цаг тутам, бусад хөдөө орон нутгийнхыг 11:00, 15:00, 19:00, 22:00 цагуудад мэдээлж байхаар болжээ. 

4.Хэсгийн хороодоос ирцийн мэдээг технологийн шийдлийн тусламжтайгаар шуурхай бүрдүүлэх боломжийг бий болгожээ

Сонгуулийн ирцийн мэдээг шуурхай, алдаагүй мэдээлэхийн тулд гар утасны аппликэйшн бүтээсэн нь сонгуулийн ирцийг мэдээлэхэд гарч буй нэг чухал дэвшил болжээ. Өмнө нь утсаар холбогдож, ирцийн мэдээг амаар өгдөг байв. Харин гар утасны аппликэйшн нэвтэрснээр шат дамжлага багасч, QR код уншуулаад ирцийн мэдээгээ явуулах боломжтой болжээ. 

Ирцийн мэдээг ийнхүү хүртээмжтэй, ил тод байдлаар мэдээлэх нь сонгуульд аль насны бүлгийнхэн хэрхэн оролцож буйг тооцоход томоохон алхам болж байгаа юм.

Б.Саруул - https://ub.life/p/25818