Skip to main content

“Хэрэглэе, Хэмнэе, Хамгаалъя” төсөл

Төслийн зорилго: Энэхүү төсөл нь Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Увс, Хөвсгөл аймаг, нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжсэн бөгөөд усны зөв зохистой хэрэглээг сурталчлах нөлөөллийн аяныг зохион байгуулж, хэрэглээний усны хэмнэлтийг тодорхойлох шинэ туршлагыг нэвтрүүлж, үр дүнг төрийн байгууллага, олон нийтэд танилцуулахыг зорьсон.

Хэрэгжүүлсэн ажлууд: Төслийн баг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран 4 сургалтын модуль, 1 видео хичээлийг бэлтгэж төсөл хэрэгжсэн байгууллагуудад сургалт, мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулснаас гадна ус хэмнэх төхөөрөмж буюу даралт багасгагч суурилуулсан.

Сургалтын хөтөлбөрийн видео хичээлийг Баян-Өлгий аймгийн 3-р сургуулийн нийт 50 ангийн 1300 гаруй сурагч үзсэн. Усаа хэрхэн хэрэглэх, хэмнэх, хамгаалах сургалтад Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн ахлах ангийн 140 гаруй сурагч, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Миний ертөнц” бүлгэмийн сурагчид, Увс аймагт ерөнхий боловсролын сургуулийн нийт 133 сурагч, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт 48 эмч мэргэжилтэн хамрагдсан.

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голын онцгой болон хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй 34 аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчдад, Мөрөн сумын Титэм ахлах сургуулийн 12 дугаар ангийн 4 бүлэгт, Чингэлтэй дүүргийн 5-р дунд сургууль болон 139-р бага сургуульд усны зүй зохистой хэрэглээний талаар сургалтыг тус тус хийжээ.

Мөн Булган аймгийн М20 залуучуудын клубтэй хамтран “Цэнхэр сувд” төслийг зохион байгуулж, цэвэр усны зүй зохистой хэрэглээний талаар ойлголт, мэдээлэл өгөх, цэвэр усны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой нэвтрүүлэг хийж цацсан.

Төслийн үр дүн: Төслийн хүрээнд Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Увс, Хөвсгөл аймаг, нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийт 1800 гаруй багш, оюутан сурагч, албан хаагчдад усаа хэрхэн хэрэглэх, хэмнэх, хамгаалах талаар сургалт орж, мэдээллийг түгээсэн. Төсөл хэрэгжсэн долоон газраас зургаад нь ус хэмнэх төхөөрөмж суурилуулж, хэмжихэд бэлэн болсон.

Төслийн зорилтын хүрээнд төслийн танилцуулга видео, усны зүй зохистой хэрэглээний тухай видео сургалт, “Цэнхэр сувд” бүрэн хэмжээний нэвтрүүлгийг бэлтгэн гаргаж, орон нутгийн ТВ болон сошиал орчинд түгээж, нийт 36,000 гаруй хүнд хүргэжээ.

Чингэлтэй дүүрэгт тус дүүргийн ЗДТГ-ын санхүүжилтээр “Хэрэглэе, Хэмнэе, Хамгаалъя” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Мөн 2021 онд Увс аймгийн БОАЖГ, Увс нуурын ай савын тусгай хамгаалалтын газар, Америкийн номын сан хамтран ЕБС-ийн сурагчдын дунд олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дэмжигч байгууллага: “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Булган Аймгийн ЗДТГ, Булган аймгийн “Сайхан Монгол” ТВ, М20 клуб, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Увс аймгийн БОАЖГ, Увс нуурын ай савын тусгай хамгаалалтын газар, Америкийн номын сан, Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа, Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа

Us