“Ажилд хүрэх зам” төсөл
Төслийн зорилго: Нийгэмд буй ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын цаад шалтгаануудыг танин мэдэх, эдгээрийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх “Ажилд хүрэх зам” баримтат киног бүтээж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацах зорилготой. Тус баримтат кино нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, хөдөөнөөс малаа алдаад нүүж ирсэн айлын өрлөгчин охин, сонсголын бэрхшээлтэй залуу гэсэн 3 дүрийн ажилтай болж амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл, үүнд учирч буй саад бэрхшээлүүдийг харуулж, ядуурал, ажилгүйдлийн талаарх хэвшсэн өрөөсгөл ойлголтыг арилгахыг зорьжээ.
Хэрэгжүүлсэн ажлууд: Төслийн баг “Ажилд хүрэх зам” киног бүтээсэн бөгөөд уг кино нь англи хэл дээрх хадмал болон дохионы хэлний орчуулгатай. Тус кино нь 2017 оны 7-р сарын 28-нд Хаан Банкны театрт нээлтээ хийсэн бөгөөд, нээлтийн үеэр эдийн засагчид, судлаачид ажилгүйдэл, ядуурлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж асуудлуудыг тодорхойлж хэлэлцсэн юм.
Төслийн үр дүн: “Ажилд хүрэх зам” киног Монгол ТВ, Дорнод аймгийн телевиз, мөн сошиал медиагаар цацсан. Мөн “Оюу толгой” ХХК, Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч дээд сургууль, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс, Эргэх холбоо ТББ, Менежер Карьер Институт, Гүнгэрваа ХХК-ийн хүний нөөц, хамт олонд киног үзүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Баримтат киноны дүрүүд болох хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн урладаг ээж, сонсголын бэрхшээлтэй, сийлбэрч залуу нарын бичил бизнесийг брэнд болгон, фэйсбүүк хуудас хөгжүүлсэн. Мөн ээжийг гар урлалын сургалтуудад суулгаж, өрлөгчин охинд англи хэлний сургалтын төв болон дээд сургуульд суулгах эрх олж өгсөн.
Дэмжиж ажилласан байгууллага, ментор: Хаан Банк, “Хараат Бус Судалгааны Хүрээлэн” (IRIM), Эдийн засагч Доктор Д.Лхагвасүрэн, Мөнххада ХХК, Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч дээд сургууль
“Хэрэв ажил олгогчид бага зэрэг л сэтгэл гаргавал сонсголгүй иргэдэд тохирох олон арван ажлын байр бий”.