Skip to main content

“Ангийн гадаа” төсөл

Төслийн зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чанартай боловсрол эзэмшиж чадаагүйгээс үүдэж, ажилгүйдэл ядууралд өртөх нь элбэг. Хэдий тусгай сургуулиуд боловсролын үйлчилгээ үзүүлдэг ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхэдтэй хамт ерөнхий боловсролын сургуульд суралцах нь үе тэнгийнхэнтэйгээ адил стандарт боловсрол эзэмших, нийгэмших, харилцааны чадвараа хөгжүүлэх, түүнчлэн ялгаварлан гадуурхалтыг арилгах өндөр ач холбогдолтой билээ. 2019 оны ажилгүйдлийг бууруулах баг олон нийтэд, тэр дундаа ЕБС-ийн багш, эцэг эх, сурагчдад тэгш хамруулан сургах боловсролын талаар мэдлэг олгож, хандлагыг нь эергээр өөрчлөхийг зорьсон юм.

Хэрэгжүүлсэн ажлууд: Төслийн баг “Түгээмэл хөгжил” ТББ-тай хамтран нийгмийн сүлжээгээр тэгш хамруулан сургах боловсролын талаар аян өрнүүлж, бүтээлч зурагт хуудас, бусад улс орны тэгш хамруулан сургах сайн туршлагыг хуваалцсан видео, нийтлэл, телевизийн нэвтрүүлэг хийж олон нийтэд түгээсэн. Түүнчлэн тусгай хэрэгцээт боловсролын аргазүйн сургалтыг Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, “Сүжеташанд” ТББ, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулжээ. Өмнөговь аймгийн төвийн 10 цэцэрлэг, Баяндалай, Баян-овоо, Мандал-Овоо, Цогтцэций, Ханхонгор сумдын цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч тэргүүтэй 60 гаруй сурган хүмүүжүүлэгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх оролцсон тус сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, хүүхдээ ангийн гадаа үлдээлгүй сургуулийн боловсрол эзэмшүүлэхийн тулд юу хийх тухай зөвлөгөө мэдээллийг хуваалцсан юм.

Төслийн үр дүн: Төслийн багийн бүтээсэн цуврал видео, зурагт хуудас давхардсан тоогоор 535,000 гаруй хүнд хүрсэн. Мөн тэгш боловсролын тухай цуврал нийтлэл бэлтгэж, хамгийн их уншигчтай gogo.mn, ikon.mn, yolo.mn сайтуудаар олон нийтэд хүргэснээс гадна, тэгш хамруулан сургахыг уриалсан зурагт хуудсыг 5000 хувь хэвлэж сургуулиудад түгээх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүлээлгэж өгсөн. Түүнчлэн Өмнөговь аймгийн 60 гаруй сурган хүмүүжүүлэгч тусгай хэрэгцээт боловсролын аргазүйн сургалтад хамрагдсанаар мэдлэгээ тэлсэн.

Дэмжигч байгууллага: “Түгээмэл хөгжил” ТББ, БШУЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Монгол Улсын Боловсролын их сургууль, Тольт дунд сургууль, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, “Сүжеташанд” ТББ, gogo.mn, ikon.mn, yolo.mn, 10 сайн дурын ажилтан.

Project