Skip to main content
Залуу сонгогчдын ирц, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс

Залуу сонгогчдын ирц, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс

Н.Мягмарцоож
Доктор (PhD), дэд профессор

Монголын сонгогчдын ирц (1992 – 2021): Сонгогчдын ирц тогтвортой буурсаар ирсэн, сонгогчдын нас ахих тусам ирц өндөр байдаг, эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдээс илүү байдаг.

Сонгогчдын ирц гэдэг нь сонгуулийн санал хураах өдөр сонгогчид санал өгөх эрхээ хэрхэн ашиглаж байгааг илэрхийлдэг бөгөөд саналаа өгсөн сонгогчдын саналын хүчинтэй, хүчингүй, санал тэмдэглээгүй зэргийг оруулан тооцож гаргадаг.

1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас хойш манай улсын иргэд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ–ын 8 удаагийн, Ерөнхийлөгчийн 8 удаагийн, ИТХ-ын 7 удаагийн нийт 23 сонгуульд оролцсон байна. Энэ хугацаанд сонгогчдын ирц буурсаар иржээ. (Зураг 1)

Зураг 1. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц (%) (1992 - 2021)

Зураг 1. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц (%) (1992 - 2021)

УИХ-ын 1992–2012 оны сонгуульд сонгогчдын ирц 28.32%-иар буурсан бол 2016 оноос нэмэгдэн 73.58% болж, 2020 онд тогтворжин 73.64% болсон. Гэхдээ 2020 оны сонгуулийг 1992 онтой харьцуулахад 21.96%-иар буурсан байна. Ерөнхийлөгчийн 8 удаагийн сонгуульд 2017 оны 2%-ийн өсөлтийг эс тооцвол 2021 оны сонгуулийн ирцийг 1993 оны сонгогчдын ирцтэй харьцуулахад 33,38%-иар буурчээ.

Сонгогчдын ирцийг тоон болон хувьчилсан үзүүлэлтээр гаргахаас гадна нас, хүйс зэрэг үзүүлэлтээр шинжилж, харьцуулах нь танин мэдэхүйн болон шинжлэх ухааны судалгааны чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл энэ нь сонгогчдын ирцтэй холбоотой үндсэн асуудлууд, нөлөөлөгч хүчин зүйлс, бэрхшээл зэргийг илрүүлэх замаар ирцийг тогтвортой байлгах, эсвэл нэмэгдүүлэх арга замыг тодорхойлоход чухал нөлөөтэй гэсэн үг.

  • Нас. Сонгогчдын насны тухай мэдээллийг ил тод нарийвчлалтай болгох шаардлага үүсдэг тул Монгол Улс 2016, 2020 онуудад сонгогчдын ирцийг 18-25 нас, 26-40 нас, 41-55 нас, 56-аас дээш нас гэсэн 4 бүлэгт хувааж байсан. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын ирцийн мэдээллийг нийт 12 бүлгээр задлан харуулдаг болсон. (https://turnout.gec.gov.mn/) Сонгогчдын нас ахих тусам сонгуулийн ирц өндөр болдог бөгөөд 2021 оны сонгуулийн үр дүнг харахад 20 ба түүнээс дээш насны сонгогчдын нас ахих тусам ирц нь нэмэгдэж байна. Харин 18-19 настай сонгогчдын ирц бусад залуу сонгогчдын ирцээс илүү байна. (Хүснэгт 1)
  • Хүйс. Сонгогчдын ирц дэх жендэрийн ялгааны тухай асуудлыг судлаачид олон талаас нь судлан эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдээс илүү байдаг талаар хэд хэдэн судалгааны үр дүн гарсан байдаг (CAWP 2015; Abdurashid 2016). Монголд ч дээрхтэй ижил үр дүн гарч байгаа нь сүүлийн үеийн сонгуулиудаас харагдаж байна. Жишээ нь: 2016 оны сонгуульд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 6%-иар, 2020 онд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 9%-иар, 2021 онд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 7.23%-иар илүү оролцжээ.

Залуу сонгогчдын ирц: Залуучуудаас 18-19 насныхны ирц хамгийн өндөр байгаа бол 20-24 насныхан хамгийн бага ирцтэй байна. Залуучууд бусад насныхнаас 8.3%-иар доогуур ирцтэй, 65-69 насны сонгогчдын ирцээс 26.86%-иар бага байна. 

2021 оны байдлаар Монгол Улсад сонгуулийн насны 2041985 иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд түүний 44% - ийг 18-34 насны залуучууд эзэлж байна.(1212.mn) Энэ нь залуучуудын үүрэг, байр суурь сонгуульд хэр ач холбогдолтойг харуулж байгаа хэрэг юм. Гэтэл сонгуулийн насны иргэдээс хамгийн их хувь эзэлдэг залуучуудын ирц хангалтгүй байгааг дараах судалгаанаас харж болно. (Зураг 2)

Зураг 2. 18 – 35 насны залуучуудын сонгуулийн оролцоо (%) (2012 - 2021)

Зураг 2. 18 – 35 насны залуучуудын сонгуулийн оролцоо (%) (2012 - 2021)

Дэлхийн бусад улс орнуудын хувьд ч залуу сонгогчдын оролцоо санаа зовоосон асуудал байсаар иржээ. Жишээ нь: АНУ гэхэд 1972 оноос хойш 18 настай иргэн санал өгч эхэлсэн бөгөөд 18-35 насны залуучуудын сонгуулийн ирц 1996 онд 39.6% болж хамгийн бага түвшинд хүрсэн бол 1972, 2020 онд 55% болж хамгийн өндөр түвшинд хүрчээ. Их Британи 2001 онд 42.7%, 2005 онд 42.5% байсан бол 2009 оноос бага зэргээр нэмэгдэж байна. Румын, Польш зэрэг посткоммунист орнуудын хувьд ч залуучуудын ирц 50% орчим л байна.

Зураг 3. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль ба залуучуудын ирц (%)

Зураг 3. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль ба залуучуудын ирц (%)

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн залуу сонгогчдын ирц (18-34 нас)–тэй холбоотой зарим дүгнэлтүүд (Хүснэгт 1), (Зураг 3):

  • 18-34 насны сонгогчдын ирц 50.13% байгаа нь 35 ба түүнээс дээш насны сонгогчдын ирцээс 8,3%-иар бага байна. Мөн энэхүү сонгуулийн хамгийн өндөр ирц болох 65-69 насны сонгогчдын ирц (76.99%)–ээс 26.86%-иар бага үзүүлэлт болж байна.
  • Залуу сонгогчдын ирцийг насны ангилал тус бүрээр нь авч үзвэл улсын дундаж (59.35%)–аас 2.9%-15,63%-иар бага байна.
  • Залуучуудын насны ангиллаас 18-19 насны сонгогчдын ирц 56.45% буюу хамгийн өндөр байгаа ч энэ нь улсын дундаж (59.35%)–аас 2.9% доогуур үзүүлэлт юм.
  • Залуучууд (18-34 нас)-ын ирц дотроос улсын дундаж (59.35%) - аас дээгүүр үзүүлэлт Улаанбаатар (18-19 нас), Хэнтий (30-34 нас), Сүхбаатар (30-34 нас), Орхон (18-19 нас), Дорноговь (18-19 нас) гэсэн 5 аймагт, эдгээр насны бүлэгт л байна.
  • Булган аймгийн 20-24 насны сонгогчдын ирц 29.52%, Сэлэнгэ аймгийн 20-24 насны сонгогчдын ирц 30.25% байгаа нь хамгийн бага үзүүлэлт болсон бол Улаанбаатар хотын 18-19 насны сонгогчдын ирц 63.63%, Орхон аймгийн 18-19 насны сонгогчдын ирц 61.93% байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байна.

Залуу сонгогчдын ирцэд нөлөөлөгч хүчин зүйлс: Улс төр, нам эвсэл, нэр дэвшигч, улс төрийн институцид үл итгэх байдал нь ирцэд сөргөөр, хүн амын тогтвортой байдал ирцэд эерэгээр нөлөөлдөг бол иргэний үүргээ мэдрэх байдал 18-19 насны сонгогчдод илүү байдаг.

Сонгогчид сонгуулийн өдөр саналаа өгөх, шийдвэр гарган оролцоход олон хүчин зүйлс нөлөөлдөг.

Нэг. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс

Хүн амын тоо. Цөөн хүн амтай газруудад санал тус бүрийн нөлөө илүү их байдаг тул сонгуульд олон хүн саналаа өгөхөөр ирдэг гэж үздэг. Энэ жишгээр харвал Монголд нийслэлийг оруулаад цөөн биш хүн амтай гэж тооцож болох 100 мянгаас дээш хүн амтай 7 аймаг байдаг. Эдгээрээс 6 аймгийн (Баян-Өлгий, Дархан-Уул, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл) залуучуудын сонгуулийн ирц залуучуудын дундаж (50.13%) - аас бага үзүүлэлттэй байна. (Хүснэгт 1)

Аймгууд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль Хүн ам 1 хүнд ногдох ДНБ 2019 Өрсөлдөх чадвар 2020
Нийт ирц 18-19 нас 20-24 нас 25-29 нас 30-34 нас 18-34 нас
1 Архангай 55.80% 41.41% 31.62% 39.95% 53.02% 41,50% 95067 5875 XVII
2 Баян-Өлгий 58.69% 50.91% 45.89% 45.97% 56.19% 49,74% 105853 3946 XIII
3 Баянхонгор 55.91% 49.47% 36.52% 43.98% 52.87% 45,71% 89329 5636 XIX
4 Булган 56.14% 43.06% 29.52% 35.93% 45.73% 38,56% 61516 5867 XXI
5 Говь-Алтай 57.77% 50.35% 34.93% 40.32% 55.14% 45,19% 88974 5882 XX
6 Говьсүмбэр 61.14% 55.60% 42.33% 48.91% 58.51% 51,33% 18008 6463 V
7 Дархан-Уул 55.95% 55.69% 37.47% 38.61% 49.25% 42,25% 103580 5499 III
8 Дорноговь 60.97% 60.53% 46.18% 49.61% 57.01% 53,33% 71233 5840 II
9 Дорнод 55.69% 57.56% 35.03% 41.12% 49.24% 45,73% 83473 11446 VIII
10 Дундговь 53.29% 47.15% 33.18% 39.58% 46.94% 41,71% 47274 8199 XVI
11 Завхан 61.10% 55.58% 38.73% 44.25% 56.39% 48,73% 73231 5785 XVIII
12 Өвөрхангай 55.80% 48.66% 34.43% 39.72% 52.20% 43,75% 116785 5286 VII
13 Өмнөговь 52.66% 52.40% 38.15% 40.05% 45.76% 44,09% 71248 11870 IV
14 Орхон 58.93% 61.93% 39.44% 44.14% 52.29% 49,45% 105361 20316 I
15 Сүхбаатар 64.75% 59.20% 42.91% 50.13% 60.65% 53,22% 64307 8574 X
16 Сэлэнгэ 51.17% 47.45% 30.25% 33.79% 43.47% 38,74% 108370 7398 IX
17 Төв 54.50% 48.34% 33.20% 36.72% 47.05% 41,32% 93332 7241 XV
18 Увс 58.75% 51.09% 39.43% 43.99% 58.48% 48,24% 84294 5019 VI
19 Ховд 60.65% 55.68% 42.86% 44.92% 57.75% 50,30% 88974 4461 XI
20 Хөвсгөл 55.89% 48.89% 35.98% 41.14% 50.12% 44,03% 136058 5348 XIV
21 Хэнтий 63.75% 58.44% 42.33% 47.15% 59.45% 51,84% 78507 6491 XII
22 Улаанбаатар 61.75% 63.63% 54.08% 51.68% 55.72% 56,27% 1499140 16960  
  Нийт 59.35% 56.45% 43.72% 46.32% 54.04% 50,13% 3357542 11680  

Хүн амын тогтвортой байдал. Нэг газарт удаан хугацаагаар оршин суудаг хүмүүс ихэвчлэн орон нутгийн асуудал, нэр дэвшигчдийн талаар илүү сайн мэдлэгтэй байдаг бөгөөд тэдний өдөр тутмын амьдралд нөлөөлөх улс төрийн шийдвэрт илүү их санаа зовдог. Тиймээс тэд сонгуульд санал өгөх магадлал өндөр байдаг. Нөгөө талаар нэг газраас нөгөөд ойр ойрхон нүүдэллэх нь хүмүүсийн улс төрийн үйл явцад оролцох хүслийг бууруулж болзошгүй юм. 2021 оны сонгуулиар 20-24 насны сонгогчдын ирц хамгийн бага 43.72% байсан ба 15 аймагт тэдний ирц 40%-иас доош байна. (Хүснэгт 1) Монголд байгаа 148.4 мянган оюутны ихэнх нь дээрх насныхан байгаа, хөдөө орон нутагт ажлын байр хомс, төв суурин газар түр хугацаагаар амьдрах, ажиллах сонирхол зэрэг нь тэдгээр насныхан нэг газраа тогтвортой байх боломжийг бууруулж энэ нь саналаа өгөхөд сөргөөр нөлөөлж байж болно.

Эдийн засгийн хөгжил. Өндөр хөгжилтэй орнуудад хүмүүс илүү их мэдээлэлтэй, улс төрийн үйл явцад оролцдог гэсэн нийтлэг ойлголт байдаг бол эдийн засгийн бэрхшээл нь сонгогчдын хайхрамжгүй байдлыг үүсгэж, хүмүүсийг улс төрөөс холдоход хүргэж, үндсэн хэрэгцээгээ хангахад анхаарлаа төвлөрүүлдэг тул эдийн засгийн бэрхшээл нь улс төрийн оролцоонд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Нэг хүнд ногдох ДНБ–ний хэмжээгээр улсын дундаж (11680 төг)–тай ижил буюу илүү байгаа 4 аймгийн залуу сонгогчдын ирцийг авч үзэхэд улсын дундаж (50.13%)–аас дээгүүр үзүүлэлттэй нь Улаанбаатар хотын залуу сонгогчид байна. 2020 оны өрсөлдөх чадварын үнэлгээгээр эхний 3-т орж байгаа аймгуудаас Дорноговь аймгийн залуучуудын ирц дунджаас илүү, Орхон, Дархан-Уул аймгийн залуучуудын ирц 0.68%-7.88% бага байна. Энэ нь эдийн засгийн чадавх, сонгогчдын ирцийн хамаарлыг илүү нарийвчлан судлах ёстойг харуулж байна. (Хүснэгт 1)

 

Хоёр. Улс төрийн хүчин зүйлс

Улс төрийн бодлого, зорилт. Сонгуульд оролцож байгаа нам эвсэл, нэр дэвшигчид сонгогчдын тодорхой хэсгийн дэмжлэгийг авахаар, тэдэнд ашигтай, сонгуульд оролцох сэдэл төрүүлсэн бодлого зорилтыг дэвшүүлэх нь сонгогчдын оролцоонд нөлөөлдөг гэж үздэг.

Улс төрийн институцид итгэх итгэл. Ерөнхийлөгч, УИХ, ИТХ зэрэг иргэд өөрсдөө сонгодог улс төрийн институциас гадна бусад төрийн байгууллагад итгэх итгэл сул байх нь сонгогчдын ирцэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал: 2016 онд КАС, УА “Залуучуудын улс төрийн оролцоо /18-35 нас/” судалгааны тайланд сонгуульд санал өгч байгаагүй залуучуудын 17.9% нь насанд хүрээгүй байсан бол үлдсэн 80% гаруй нь итгэл хүлээсэн нам, улс төрч байхгүй, улс төрд итгэдэггүй, улс төр сонирхдоггүй учир оролцдоггүй гэж ихэнх нь хариулсан байна. 2020 онд БНОУХ, IRIM “Залуучуудын санал бодлын судалгаа” -д “Аливаа улсын хувьд ардчиллыг бий болгоход сонгууль чөлөөтэй, шударга явагдаж бодит сонголтыг өгөх нь чухал” гэдгийг залуучуудын 98% нь зөв гэж үзсэн ч улс төрийн намуудад 60% сөрөг, УИХ-д 56% сөрөг, ИНБ -д 64% эерэг үнэлгээ өгсөн байна.

Сонголт хийх боломж. Сонгуульд өрсөлдөх нам эвсэл, нэр дэвшигчдийн тоо болон сонголт хийх боломж өргөн байх нь сонгогчдын ирцэд эерэгээр, бага байх нь сөргөөр нөлөөлдөг байна.

Гурав. Тогтолцооны хүчин зүйлс

Сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн пропорциональ тогтолцоог ашигладаг сонгуульд сонгогчдын ирц мажоритар системийг ашигладаг сонгуулиудаас илүү өндөр байдаг.

Зэрэгцээ сонгууль. Нэг өдөр хэд хэдэн сонгууль болоход сонгогчдын ирц ихэвчлэн өндөр байдаг.

Санал хураалтын зохион байгуулалт. Санал хураалтын янз бүрийн зохион байгуулалтын загвар нь сонгогчдын ирцэд нөлөөлдөг. Үүнд санал өгөх өдөр, амралтын эсвэл ажлын өдрүүдэд явагдах сонгууль, санал өгөх технологийн боломж, санал авах байрны байршил, урьдчилсан санал хураалт, шуудангаар болон цахимаар санал өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр санал өгөх зэрэг олон асуудлууд нөлөөлж болно. Тухайлбал, 2021 оны сонгуулийн хувьд улс нэг тойрог гэсэн зарчмаар явагдсан хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 24-р зүйлд зааснаар өөрийн үндсэн харьяаллаас өөр газар сонгууль өгөхөөр бол шилжилт хийх тухай заасан нь олон залуу сонгогчдыг сонгууль өгөх боломжгүй болгоход нөлөөлсөн байж болно. 

Дөрөв. Хувь хүний ​​хүчин зүйл

Нас. Нас бол сонгогчдын ирцэд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг юм. Монголын залуу сонгогчдын ирц тухайн жилийн сонгуулийнхаа дунджаас 2012 онд 26.2%, 2016 онд 22.8%, 2020 онд 9.6%, 2021 онд 8.2% доогуур байсан нь нас ахих тусам сонгогчдын оролцоо нэмэгддэг олон улсын зүй тогтолтой ижил үр дүнг харуулж байна.    

Боловсрол. Боловсролын түвшин өндөр байх нь ерөнхийдөө сонгогчдын ирц өндөр байгаатай холбоотой байж ч зарим судалгаагаар энэхүү үр дүн өөр байх тохиолдлууд байна (International IDEA 2006).

Улс төрийн боловсрол. Улс төрийг сонирхох нь сонгуулийн ирцэд нөлөөлөх чухал хүчин зүйл болдог. Сургууль болон залуучуудын дунд иргэний боловсролыг олгохдоо улс төрийн үйл явцыг сонирхох сонирхлыг хөхиүлэн дэмжиж, нийгэм, улс төрийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, сургалт, семинар зохион байгуулах зэргээр улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх боломжтой.

Иргэний үүрэг. Иргэний үүргийн тухай ойлголт нь сонгуульд санал өгөх хандлагад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг юм. Олон хүмүүс улс төрийн шийдвэр гаргахад хувь нэмэр оруулах нь тэдний үүрэг гэж ойлгодог. Тухайлбал энэ нь анх сонгуулийн насанд хүрч буй залуучуудад илүү ажиглагддаг. Жишээ нь: 2021 оны сонгуулиар 18-19 насны сонгогчдын ирц 20-24 насны сонгогчдоос 12.73%, 25-29 насны сонгогчдоос 10.13%, 30-34 насны сонгогчдоос 2.41% - иар тус тус их байна.

Дүгнэлт

Л.Даймонд “Сонгогчдын оролцоо бага байгаа нь ардчиллын дархлаа сул байгаагийн шинж” гэсэн нь ардчилал, түүний хөгжилд сонгууль хэр ач холбогдолтойг нотолж буй хэрэг юм.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон 18-35 насны залуучуудын ирц 2016 оныхоос ялимгүй буюу 0.7% - иар буурсан бол 2020 оны (18-25 нас) ирцээс 11.1%-иар доогуур байгаа нь нэг талаас цар тахлын шууд нөлөө, нөгөө талаас улс төрийн, нийгмийн, эдийн засгийн, тогтолцооны, хувь хүний гэсэн үндсэн хүчин зүйлүүд нөлөөлсөн байна.
Монголын сонгуулийн насны иргэдийн 44%-ийг эзэлдэг 18-35 насны залуучуудын сонгуулийн оролцоо хангалтгүй буюу хоёр хүний нэг нь л сонгуульд оролцож байгаа нь энэхүү асуудалд анхаарах хэрэгтэй болсны дохио юм.
Залуу сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд дараах арга замыг ашиглах хэрэгтэй. Үүнд:
Эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Сонгуулийн хууль тогтоомжид урьдчилан санал өгөх, шуудангаар санал өгөх гэх мэт хэлбэрүүдийг нэмэх, боловсронгуй болгох, Ерөнхийлөгчийн сонгуулийн үед шилжилт хөдөлгөөн хийхгүйгээр байгаа газраа саналаа өгөх боломжийг сонгогчдод олгох гэх мэт.
Мэдээллээр хангах. Сонгогчид тэр дундаа залуучуудад зориулсан сонгуулийн ач холбогдол, сонголт хийхийн давуу тал, үр өгөөж, сонгууль өгөх заавар, зөвлөмж зэргийг мэдээллийн төрөл бүрийн сувгийг ашиглан түгээдэг байх
Залуучуудад улс төрийн боловсрол /иргэний боловсрол/ олгох тогтолцоог бий болгох, боловсронгуй болгох зэрэг болно.

Ном зүй

  1. A. Solijionov. 2016. Voter turnout trends around the world. International IDEA.
  2. Youth Voter Participation. 1999. International IDEA.
  3. БНОУХ, IRIM. 2020. Залуучуудын санал бодлын судалгаа.  
  4. КАС, УА. 2016. Залуучуудын улс төрийн оролцоо /18-35 нас/.
  5. https://turnout.gec.gov.mn/ 
  6. www.1212.mn