Skip to main content

“Хариуцлагатай, ил тод сургууль” төсөл

Төслийн зорилго: LEAD Mongolia 2016 хөтөлбөрийн “Ил тод байдлыг хангах, авлигыг бууруулах” багийнхан Нийслэлийн Налайх дүүргээс (Баян-Өлгий аймгийн дараа орохуйц казах хүй олон байрладаг, хос хэлний боловсрол эзэмших шаардлагатай нийгмийн бүлэг төвлөрсөн) сонгон авсан нэг ерөнхий боловсролын сургууль дээр хариуцлагатай сургууль бий болгох загварыг турших замаар "Бид ил тод сургуулийг баталгаажуулна" аргачлал боловсруулан, бусад сургуульд түгээн дэлгэрүүлэх зорилготой. Төслийн үйл ажиллагаа Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид, эцэг эх, багш, ажилтнууд, сургуулийн удирдлага, бусад сургуулийн багш, ажилтан нийт 300 орчим хүнийг хамруулжээ.

Хэрэгжүүлсэн ажлууд: Төслийн баг 2017 оны 2-5 дугаар сарын хугацаанд 248 цагийн бэлтгэл хийн нийт 19 удаагийн уулзалт, 280 цагийн сургалт зохион байгуулсан бөгөөд Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн дагуу ил тод, хариуцлагатай сургуулийг бий болгох загварыг туршин, аргачлалыг боловсруулсан байна. Ингэхдээ сургуулийн хамт олноос (сурагчид, эцэг эх, багш ажилтнууд, удирдлага) бүрдсэн хамтарсан багт сургуулийнхаа ил тод байдлыг үнэлэх даалгавар өгчээ. Цаашлаад үнэлгээндээ тулгуурлан сургуулийн түвшинд мэдээллийн урсгалыг сайжруулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, сурагчдыг идэвхжүүлэх замаар иргэний боловсролын агуулга хүргэсэн болно.

Тус багийн гишүүн болох Л.Ариунзул, Ч.Баттулга, Б.Билгүүн, Б.Болорсайхан, Э.Лхагва, Б.Мишээл, Д.Номинчимэг, Б.Саруултөгс, Д.Уянга, М.Танан нар өөрсдийн мэргэжил, туршлагадаа тулгуурлан "Бид ил тод сургуулийг баталгаажуулна" аргачлалаа монгол, казах хэл дээр боловсруулан хэвлэж, түгээн дэлгэрүүлсэн байна.

Мөн төслийн багийнхан “Хариуцлагатай, ил тод сургуулийг бүтээцгээе” аргачлал бүхий гарын авлагаа монгол, казах хэл дээр боловсруулан хэвлэж, орон даяар түгээн дэлгэрүүлсэн юм.

Дэмжиж ажилласан байгууллага: Голомт цогцолбор сургууль

Тус сургуулийн ФБ пэйж линк : https://www.facebook.com/%D0%93%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BC%D1%82-%D1%86%D0%BE%D0%B3%D1%86%D0%BE%D0%BB%D0%B1%D0%BE%D1%80-%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C-236074289907184)