Skip to main content

Сонгуулийн дата хакатон

Лийд төгсөгчдийн холбооноос Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Сонгуулийн дата хакатон”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус хакатон нь 18-35 насны залуусыг хамарсан бөгөөд сонгуультай холбоотой мэдээллийг ашиглан датад суурилсан бүтээл гаргах, түүгээрээ дамжуулан сонгуулийн талаарх залуусын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, сонгуулийн оролцоог сайжруулахад чиглэсэн юм. 

Хакатоныг 2020 оны 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байсан ч дэлхий дахиныг хамарсан цар тахлын хориотой холбоотойгоор хэд хэдэн удаа хойшилсны эцэст 5 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд цахим болон биечилсэн хэлбэрийг хослуулан явууллаа. Хакатонд судлаач, сэтгүүлч, дата аналист, активист, дизайнер гэсэн таван гишүүнээс бүрдсэн 6 баг шалгаран оролцож, 48 цагийн хугацаанд бүтээл гарган өрсөлдсөн. Тэмцээний үр дүнд залуусын сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх олон санал, санаачилга гарсан бөгөөд тэдгээрийг олон нийтэд түгээх, хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулсан юм. 

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр насны ангилал бүхий сонгогчдын ирцийн мэдээллийг Монголд анх удаа, олон нийтэд шинэлэг хэлбэрээр шуурхай хүргэж, залуучууд, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан “+1 Youth Vote” буюу “Нэгээр нэмчлээ” сошиал медиа аяныг зохион байгуулаад байна.  


Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар 18-25 насны сонгогчдын ирц 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр улсын хэмжээнд ойролцоогоор 51 орчим хувьтай байжээ. Тэгвэл СЕХ, УБЕГ-ын тоон мэдээлэлд тулгуурлан Лийд төгсөгчдийн холбоо, ikon.mn сайтын хамтран гаргаснаар тус насныхны оролцоо 2020 онд 62 хувьд хүрч нэмэгдсэн байна. 

Ийнхүү ирцийн мэдээллийг ил тод, шуурхай харуулсан нь залуусын сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан хөдөлгөөн, аяны үр нөлөөг нь хэмжих боломжийг бий болгосноороо ач холбогдолтой байлаа.