Skip to main content
“Бидний мөрөөдлийн талбай” төсөл

“Бидний мөрөөдлийн талбай” төсөл

Төслийн зорилго: Байгаль орчин, хотжилт баг Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэдийн оролцоог идэвхжүүлэх, тус хорооны дэд бүтцийн асуудлыг “Бидний мөрөөдлийн талбай” төслөөрөө шийдвэрлэх зорилго тавьжээ. Энэхүү төслийнхөө хүрээнд ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулах замаар иргэдийг орон нутгийн үйл явц, төслийн төлөвлөлт, хэрэгжилт гэх мэт бүхий л үйл явцад гар бие оролцуулсан юм. Ингэснээр иргэд өөрсдөө асуудал шийдэх санаачилга гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх боломж бүхий суурийг нь бий болговол гэр хорооллын амьдралын чанар нь дээшилнэ гэж үзжээ.

Хэрэгжүүлсэн ажлууд: LEAD Mongolia 2018 байгаль орчин хотжилт багийн санаачилсан “Бидний мөрөөдлийн талбай” төсөл нь 2018 оны 12-р сараас 2019 оны 7-р сар хүртэл нийт 7 сарын турш хэрэгжсэн юм. Төслийн хэрэгжилт үндсэн гурван хэсэгтэй бөгөөд үүнд: (1) Тус хорооны иргэдийг идэвхжүүлэх, нэгтгэх, (2) Тус хорооны иргэд, удирдлагатай хамтран ажиллах, (3) Төслийн загвар бий болгох, туршлагаасаа хуваалцах.

Төслийн баг 2019 оны 2-р сард, тус хорооны нийт 35 айл өрхөөс тэдэнд шаардлагатай байгаа хэрэгцээний тухай судалгаа явуулсан юм. Судалгаанд хамрагдсан айл өрхөөс 26 нь хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх хүүхдийн тоглоомын талбай хэрэгтэй гэсэн дүн гаржээ. Ингээд тус хорооны иргэдтэй хийсэн хоёр удаагийн төслийн тухай танилцуулга уулзалтаар төсөл албан ёсоор эхэлсэн юм.

“Бидний мөрөөдлийн талбай” төслийн бүтээн байгуулалтад LEAD Төгсөгчдийн холбоо, Хонг Конгийн Их Сургууль, тус хорооны иргэд зэрэг олон хүн сайн дурын ажил хийж оролцсон юм.

Төслийн үр дүн: Төслийн үр дүнд 900м2 талбай бүхий хүүхдийн тоглоомын талбай, 400 гаруй мод, бургаслаг ногоон байгууламж байгуулагдсан. Хүүхдийн тоглоомын талбай нь сагсны талбай, хүүхдийн тоглоомууд, бие бялдрыг хөгжүүлэх төхөөрөмжүүд, үерээс хамгаалах тоноглол болон ногоон байгууламжаас бүрдэнэ. Түүнчлэн энэхүү төслөө жишиг төсөл болгох, бусад хорооны иргэдэд туршлагаасаа хуваалцах зорилгоор, төслийн хэрэгжилтийн бүхий л үйл явцыг багтаасан 21 хуудас бүхий гарын авлагыг монгол хэлээр бэлдэж цахим орчинд байршуулжээ.

Дэмжигч байгууллага: Эко Ногоолин ТББ, Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны удирдлага, иргэд, Вагнер Ази ХХК, LEAD Төгсөгчдийн холбоо, Хонг Конгийн Их Сургууль, GoFundMe сайтаар хандив өргөсөн хүмүүс.

“Бидний мөрөөдлийн талбай” төслийн нээлтийн ажиллагаа